Нийслэлийн Статистикийн газар
Хэрэглэгчийн хэсэг
Сүм хийдийн тооллогын вэб програм

Хууль, эрх зүйн үндэслэл

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, Нийслэлийн Статистикийн газрын даргын хамтран баталсан 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний дагуу нийслэлийн нутаг дэвсгэрт албан ёсны зөвшөөрөлтэй болон зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй сүм хийд, шашны байгууллагын тооллого явуулж, бүртгэлжүүлэх, сүм хийдийн байршлыг тогтоож, орон зайн мэдээлэл бүхий цахим сан үүсгэх ажил хийгдэв.

Сүм хийд, шашны байгууллагыг бүртгэлжүүлэх тооллогыг дараах хууль тогтоомж, эрх зүйн актыг үндэслэн зохион байгуулав. Тухайлбал:
• Монгол Улсын Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.8 дах хэсэг
• Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.10 дах заалт
• Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2005 оны 74 дүгээр тогтоолоор шинэчлэн баталсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт шинээр сүм хийд байгуулах, үйл ажиллагаа явуулахад зөвшөөрөл олгох журам”

Тооллогын зорилго, ач холбогдол

Тооллогын үндсэн зорилго нь нийслэлийн нутаг дэвсгэрт шашны үйл ажиллагаа явуулж байгаа сүм хийдийн талаар дэлгэрэнгүй түвшинд судалж, бүртгэлжүүлэх, байршлыг тогтоож, мэдээллийг газрын зурагт оруулах, олон улсын стандартад нийцсэн, харьцуулахуйц тоон үзүүлэлт, мэдээллийн нэгдсэн системийг бүрдүүлж, хэрэглэгчийн хэрэгцээ шаардлага, сүм хийдтэй харилцах харилцаа, бодлого боловсруулахад шаардагдах тоон мэдээллийг бий болгоход чиглэгдсэн.

Тооллогыг явуулснаар дараах үр дүнд хүрэв. Тухайлбал:
• Сүм хийд, шашны байгууллагын 2014 оны тооллого нь Монгол Улсад анх удаа зохион байгуулагдаж, орон зайн байршлаар үүсгэсэн мэдээллийн сан бүхий тооллого болсноороо чухал ач холбогдолтой юм.
• Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын мэдээллийн нууцлалд нийцүүлэн тооллогын мэдээллийн сан, орон зайн мэдээллийн санд нэвтрэх эрхийг нууцын баталгааны хамт баталгаа гаргасан ажилтан, НИТХ-ын дэргэдэх Шашин, сүм хийдийн асуудал эрхэлсэн ажлын хэсэг, НИТХ-ын Ажлын албанд хүлээлгэн өгөх бөгөөд ингэснээр шашин, сүм хийдийн талаарх мэдээллийг НИТХ-ын Тэргүүлэгчид, нийслэлийн удирдлагууд, нутгийн захиргааны холбогдох байгууллагууд ашиглах бүрэн боломжтой.
• Энэ удаагийн тооллогоор шашны үйл ажиллагаа явуулж буй албан ёсны зөвшөөрөлтэй төдийгүй зөвшөөрөлгүй нийт сүм хийдийг тоолов.
• Нийслэлийн нутаг дэвсгэрт ажиллаж байсан болон ажиллаж байгаа нийт сүм хийдийн шашны төрөл, урсгал чиглэл, байршил, үйл ажиллагааны байдлын талаарх анхан шатны бүртгэл эрс сайжирч, бодит байдалд нийцэв.
• Нийт сүм хийд, шашны байгууллагын тоон болон орон зайн дэлгэрэнгүй мэдээллийн санг бүрдүүлж, цаашид сүм хийд шинээр бүртгэх, зөвшөөрлийн хугацааг сунгах, хаяг байршилд өөрчлөлт оруулах зэрэг бусад баяжуулалтыг тухай бүр хийх боломжтой болгов.
• Тооллогод нийслэлийн нийт нутаг дэвсгэр, нийт сүм хийдийг бүхэлд нь хамруулснаар шашны байгууллагуудын байршил, үндсэн үйл ажиллагааны байдалд дүн шинжилгээ хийх, шашны үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийн хүчинтэй байх хугацааг хянах зэрэг ажлын чиглэлүүдийг тодорхойлоход шаардлагатай мэдээллийг сайжруулсан.
• Сүм хийдтэй харилцах харилцаа, бодлогын хэрэгжилтийг хянах, үнэлгээ өгөх зэрэгт шаардлагатай мэдээллийг бий болгов.

Тооллогын удирдлага, зохицуулалт

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, Нийслэлийн Статистикийн газрын даргын хамтран баталсан 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний дагуу тооллогыг зохион байгуулах НИЙСЛЭЛИЙН КОМИСС-ыг 9 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан.

Нийслэл хотод сүм хийдийн тооллогыг зохион байгуулах комиссын ахлагчаар Нийслэлийн Статистикийн газрын мэргэжилтэн Н.Байгалмаа, гишүүдээр дүүргүүдийн Статистикийн хэлтсийн шашин, сүм хийдийн мэдээлэл хариуцсан дараах 8 ажилтан ажиллав. Үүнд:
• Багануур дүүргийн Статистикийн Хэлтсийн дарга Д.Жаргалмаа
• Баянгол дүүргийн Статистикийн Хэлтсийн ахлах мэргэжилтэн Ө.Нандинцэцэг
• Баянзүрх дүүргийн Статистикийн Хэлтсийн мэргэжилтэн Б.Ган-Эрдэнэ
• Налайх дүүргийн Статистикийн Хэлтсийн мэргэжилтэн Х.Алтанцэцэг
• Сонгинохайрхан дүүргийн Статистикийн Хэлтсийн мэргэжилтэн Э.Цэнд-Аюуш
• Сүхбаатар дүүргийн Статистикийн Хэлтсийн мэргэжилтэн А.Баярсүрэн
• Хан-Уул дүүргийн Статистикийн Хэлтсийн мэргэжилтэн А.Ербахыт
• Чингэлтэй дүүргийн Статистикийн Хэлтсийн мэргэжилтэн Д.Баярцэцэг

Статистикийн газар нь тооллогын ажлыг дагнан хариуцаж, Монгол Улсын “Төр, сүм хийдийн харилцааны тухай” хууль хэрэгжиж эхэлсэн 1994 оноос хойш 2014 оныг дуусталх 20 жилийн хугацаанд НИТХ-аас шашны байгууллагын асуудлаар гаргасан тогтоол шийдвэрийг цуглуулан судлав. Үүний зэрэгцээ нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан, одоо явуулж буй зөвшөөрөлтэй нийт 286 сүм хийдийн дэлгэрэнгүй мэдээллийг холбогдох бүртгэл, мэдээллээс тодруулан бүрдүүлэв. Түүнчлэн нийт сүм хийдийн бүртгэл, мэдээллийн хэрэгцээ, шаардлагыг судлан тооллогын асуулгыг боловсруулах, тооллогын ажилтныг бэлтгэх, тоолох, тооллогын мэдээллийг цуглуулж, боловсруулан тооллогын тайланг гаргав.

Нийслэл, дүүргийн статистикийн албад нь сүм хийд нэг бүрийг тооллогод бүрэн хамруулах нөхцөлийг бүрдүүлж, зохицуулах үүргийг хариуцах, тооллогын бэлтгэл ажилд шаардлагатай бүртгэл, мэдээллийг нутаг дэвсгэр, тоолох нэгж бүрээр дэлгэрэнгүй гаргах, тооллогын асуулга, зааварт мэргэжлийн зөвлөмж өгөх, хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлж, тооллогын дүн мэдээллийг үндэслэн сүм хийдийн мэдээллийн санг байгуулах ажил үүргийн хуваарьтай ажиллав.
Тооллогыг илүү үр дүнтэй, олон улсын аргачлал, стандартад нийцэхүйц байлгах үүднээс тооллогын удирдамж, төлөвлөгөө, асуулга, түүнийг нөхөх заавар, зохион байгуулалтын бусад асуудлаар харилцан санал солилцож ажилласан.

Мөн Иргэний Харьяалал, Шилжилт Хөдөлгөөний Ерөнхий газарт хүсэлт тавьж, тус газрын Зөвшөөрөл, бүртгэлийн газрын ажилтан Г.Ганзаяаг тооллогын ажилтнуудын сургалтад урьж оролцуулан, мэргэжлийн заавар, зөвлөмж авч, нэмэлт мэдээлэл хийлгэв. Улмаар тооллогын явцад тус газрын дэмжлэгтэйгээр шашны байгууллагын тэргүүнээр ажилладаг гадаадын иргэдийн мэдээллийг тодруулж, мөн Нийслэлийн Архивын газарт албан бичгээр хандаж, зарим сүм хийдийн дутуу бүрдсэн мэдээлэлд лавлагаа авч ажиллав.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан © 2014 Нийслэлийн Статистикийн газар
Гүйцэтгэсэн: BBESoft